Wednesday, June 8, 2011

№1 Бангалориос гарсан нь


 Галт тэргэнд яаж шүршүүрт орох вэ?
Өвлийнхөө амралтын талаар бичиж дуусаагүй байтал зуны амралтынхаа аялалд явахаар болчихдог юм байж. Энэ удаа манай маршрут Guwahati / Shillong / Cherrapunji / Jayantia Hill / Mawsynran / Umiam / Guwahati, 5-р сарын 25-аас 6-р сарын 2-н хүртэл үргэлжлэх аялал юм.
Уул нь энэ  чиглэлд явахгүй харин нөгөө алдартай Кашмир гэдэг газар луу нь явна гэж бодож байсан чинь энэ чиглэлд нь сонгогдчихож одоо яахав. Бангалориос билет авах ажлыг манай Банглодеш нөхдүүд маань зохицуулдаг баатрууд болсон чинь энэ хар халуунд АС-гүй (Air Condition) билетийг нь авчихаж өөрсөд шигээ бодоод. Уул нь ч тасалгаа бүрдээ 3 сэнстэй л дээ. Гэхдээ мэдэхгүй юм вагон доо ороод ирэхээр яахыг. Өмнөх аялалаар 2 монгол л яваад байсан бол энэ удаагийн аялалаар нийтдээ долуулаа явж байгаа юм байна. 3 Балба охин, 3 Банглодеш, цорын ганц Монгол ооё. Манай зураглаач энэ удаад нутгийн зүг явж байгаа болохоор тэр. Хоёр банглодеш нь манай сургуулийнх, тэр хоёрын нэг нь манай сайн найзуудын нэг. За нэг иймэрхүү. Явах өдөр ч болж, явах цаг ч болж Бүүпасандрагаасаа автобусандаа суугаад Бангалорийн галт тэрэгний буудал дээр ирцгээж царай царайгаа харалцаж, нэр усаа мэдэлцэж танилцсаны эцэст вагоныхоо хаалгаар орцгоодог юм байж. Орой ч байсан болоод тэр үү халуун хүйтэн нь арай гайгүй байсан юм байна. Харин хэсэг сууж байтал хөл гар нэг сонин болоод байх шиг байхаар нь  харсан чинь бадриухан гартай нөхрийн эрхий хурууны чинээний жоом гээч ах маань гүйлдэцгээж байна даа. Цүнх сав битүү юм чинь арай ч орчихгүй байх гэж бодсон шиг байж байтал нүдний буланд торохуйц хэмжээний юм бас гүйлдээд байх шиг. Хэсэг төвлөрлийн горимд шилжээд харж суутал харин муу сайн хулганууд бас явж байх юм аа. Хамт сууж яваа нөхдүүдрүүгээ жоохон итгэж ядсан харцаар хартал өөдөөс нэг нь “Санаа битгий зов оо, Энэ бол Энэтхэг” гэж байна хэхэ. Иймэрхүү хөгжилтэй зүйлсээр өмнөх аялалын маань гараанаас ялгарч байсан юм. Бусдаараа ч адил үнэр танар гэж авах юм байхгүй. Заримдаа жорлонд дотор сууж байгаа юм шиг. Аан тэгээд хэсэг сууж байтал нөгөө эр эм нь мэдэгдэхгүй нөхдүүд чинь муу сайн жагаруудаа бол бараг зодох нь шах уу аашилж байгаад хэдэн зоос авна. Авах авахдаа доод талын хэмжээгээ тогтоочихсон. Нэг хүн 10 рупий манайхаар бол 300 төгрөг хавьцаа. Нөгөө хэд нь ч хүртэл тэр хэдэн саармаг хүйстэнгүүдээсээ айх ч юм, хэдэн рупийгээ өгөх ч дуртай улс юм хэхэ. Би юу гэж өгөхөв хэхэ муухай хараа л суугаад байна. Хаа очиж тэр айхтар улсууд гадны царайтангуудаас бол тэгтлээ их шалгаагаад байх нь гайгүй гэхдээ мэдээж хэн ч харсан хэдэн төгрөг өгчихөөр царайтай суугаад байвал юу гэж зүгээр өнгөрөөхөв цаадуул чинь. Хөл гар, хүзүү сээрнээс зунгааралдаад бүүр элэг барина муу сайн гаж юмнууд. Хөөрхий зайлуул нөгөө хэдэн Бангла нөхдүүд маань нэхсэн болгонд нь хэдэн рупийгээ дээрэмдүүлээ л явах юм. “Яагаад эд нарт, та нар мөнгө өгөөд байдаг юм бэ?” гэсэн чинь “Хэрвээ өгөхгүй бол цаадуул чинь юу ч хийж чадах улс ” гэж байна. Хувцас хунарыг нь урхаас авхуулаад бараг зодож нүдээд хаячихдаг юм байх. Тэгүүлж байснаас хэдэн рупийг нь өгөөд явсан нь хамаагүй дээр юм байна л даа мань нөхдийн хувьд. За ингэж тэгэж явсаар вагондоо нэгэн оройг өнгөрөөчихдөг юм байж. Өглөө босоод ирсэн чинь нэг л биш ээ. Нөгөө хэдэн найдлага тавьж байсан гурван сэнс маань өөдөөс халуунаар үлээгээд Оргил хүү усан хулгана болчихсон байж байх юм хэхэ. Байдал урьд шөнөөс шаал өөр болчихож ерөөсөө саунд л ороод суучихсан юм шиг. Халуун бүхчим агаар, за тэгээд нөгөө халууцаж хөлөрсөн улсын л үнэр танар байх мэдэхгүй ээ. Юу болоод байгаа юм бүү мэд. Ядаж байхад энэ галт тэргэндээ дахиад хоёр шөнийг өнгөрөөнө гэж байгаа. За хамгийн гол нь сайхан тайван байх хэрэгтэй хамаагүй хөдөлж энэ тэр болохгүй хэхэ. Уул нь тэр дэлбэрцэн ОО-ынх зүг морь харна гэж байн байн гүйгээд байхгүй нэг бодлын амар. Хичнээн их уусан ч буцаа л хөлөрчихнө хэхэ. Энэ чинь л Энэтхэг шүү дээ.

Үүрийн гэгээ оров уу үгүй юу, арай гэж ядан байж унтаж байсан намайг нөгөө Бутан гэгч царай зүс тааруухан нөхдүүд нэг нэгээрээ ирж татаж чангаан, төөрчихөөд байгаа юм уу эсвэл юм асуугаад байгаа юм уу бүү мэд, нөгөө чихнээ үл торох базаад мушгичихсан юмуу гэлтэй сонсогдох хэлээр өөдөөс нилээд итгэл төгс ярих юм.” Яасан, ийсэн бэ” гээд нөгөө сүрхий англи хэлээрээ ганц нэг үг унагаахаар хэсэг харснаа яваад өгөх юм. Нойрондоо харам гэж жигтэйхэн байсан хүн ундууцсандаа “муу сайн халтарууд чинь” маягын юм бодоод буцаад унтахыг хичээн хоцроно. Төд удалгүй босох цаг болж Оргил хүү нүүр гараа угааж нөгөө өнгө зүсээ засах гэтэл ус гээ ч зүйл нь өнгөрсөн шөнө алга байсан тэр л хэвээрээ алга. Эцэст нь яагаад нөгөө Бутан нөхдүүд маань ажил болгож намайг сэрээгээд байсныг сая л ойлгох шиг. Хөөрхийс зайлуул намайг өөрсдийнхөө нэг гэж л бодоод байсан юм байна л даа гэдгийг нилээн олон жил болсон болов уу гэж харагдахаар тоос шороонд дарагдаж, зунгааралдсан толины өмнө “Халтар Бутан” царайлчихсан зогсож байгаа Оргил хүүг харсан юм (хаха).

No comments:

Post a Comment