Sunday, April 1, 2012

Англи хэлийг уламжлалт аргаар судлахын дутагдалтай тал


Бид бүгд л Англи хэлийг өөр өөрсдийн аргаар сурч эхэлсэн түүхтэй. Зарим нэг нь өөрсдийн сонирхол дээрээ тулгуурлаж биеэ даан сурсан байдаг. Харин зарим нь болохоор сурах л ёстой гэсний үүднээс болж дуртай дургүй нэг юм оролдсон байдаг. Гэхдээ Англи хэлний ертөнц рүү орох тэрхүү алхам аа зөвхөн үзэг цаас холбож эхэлснээс болж маш том алддаг.
Бид ямар нэгэн хэлийг үг бичиж тэднийгээ цээжилж сурахад эхлээд ямар утгатай болохыг нь өөрсдийн төрөлх хэлээрээ хөрвүүлэн хойно, урд нь бичдэг. Мэдээж ингэх нь ойлгомжтой хэрэг л дээ. Төрөлх хэлнээсээ Англи хэлрүү хөрвүүлэхэд ингэхээс л өөр арга байхгүй л дээ. Гэхдээ жоохон дарамттай шүү дээ.


Англи хэлийг сургууль дээрээ үзнэ гэдэг бол бичгийн Англи хэлийг л үзэж байна гэсэн үг. Ерөөсөө сайхан илэн далангүй  байя л даа. Бид энэ Англи хэл гэгч дэлхийн хамгийн амархан хэлийг сурахын төлөө хичнээн цагийг сургуулийн нэг ангид өнгөрөөсөн билээ? Мангар их цаг тэ (хэхэ). Багш нар хөөрхий сурагчдад аа бүхий л дүрмийг, бүхий л шинэ үгийг нэг бүрчлэнгүй тайлбарлах гэж хичээнэ. Үр дүнд нь бид ямар болох уу? Бичгийн Англи хэлэндээ дэлхийн ямар ч орны хүмүүсээс дутахааргүй болчихсон байдаг. Өгүүлбэрийн бүтэц, ямар үг хэрэглэх вэ? Өө тэгээд болоогүй нөгөө сайхан толгой эргэм дүрмийг урд хойно нь оруулах гээд баахан боддог. Харин энэ бүхэн жинхэнэ хэлний мөн чанар болох ярианы хэсэг дээр ирэхээр дуу шуу ч байхгүй. Их намуухан, өөртөө эргэлзсэн, толгойндоо сайхан Англи өгүүлбэрүүдийг зохиож эхэлдэг. Мэдээж бүх хүүхдүүд тийм биш л дээ. Энэ бол ихэнх хүмүүст тохиолддог зүйл болохоор тэр. Юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр, ерөөсөө л ярианы Англи хэл үнэхээр дутагдаж байгаад л юм. Үнэнийг хэлэхэд ямар ч багш бидэнд ярианы Англи хэлийг голчлон заадаггүй. Бас Англи үгийг  хооронд нь холбохоос илүүтэйгээр төрөлх Англи хэлтэй нөхдүүдийн тархинд хэрхэн Англи үг хоорондоо бүрэлдэн нэгдэж өгүүлбэр бүтээж байдгийг бас л хэлдэггүй.

За хэдүүлээ ерөөсөө Англиар ярихад бидний толгойнд юу болж байдаг талаар нэг сонирхох гээд үзье л дээ.
Одоо яг юу бодож байгаагаа нэг Англиар хэлэх гээд үз дээ. Эсвэл одоо юуны тухай уншиж байгаагаа ч юм уу................................................................................   

Хэрвээ ямар ч эргэлзэх зүйлгүй хэлж чадаж байгаа бол сайн байна. Зүгээр л ярьдаг шигээ хэдэн үгийг нээх сүртэй энэ чинь юу билээ, ямар утгатай билээ энэ тэр гэж бодолгүй сайхан саадгүй гэгч нь урсгаж чадаж байвал үнэхээр сайн байна. WONDERFUL! Дандаа ийм байдаг болоосой тэ.

Харин одоо Англиар ярихад толгой дотор маань юу болдог талаар жоохон сонирхоё л доо. Чамайг ярих үед нөгөө хэдэн үгнүүд нь хоорондоо холилдоод, бас болоогүй нөгөө дүрмүүд нь ч хүртэл яагаад байгаа юм бэ мэдэхгүй замбараагаа алдаад унаж байна уу?
Энэ чинь л нөгөө чиний тархи чинь орчуулгын горимдоо орчхоод байгаагын шинж шүү дээ. Заримдаа чи их сонин сонин үгнүүдийг хэлэх гээд гацаад янз бүр болчихно. Яагаад ингээд байгаа юм бэ гэхээр нөгөө л төрөлх хэлний маань нэг хэсэг чамтай зууралдаад байгаа болохоор тэр. Хамгийн асуудалтай зүйл нь гэвэл чиний бодол ярихаасаа өмнө бэлтгэх байдалд орчхоод байгаагын хэрэг. Энэ бол үнэхээр хэцүү. Ганц өгүүлбэр хэлэх гэж бөөн юм бодоод унана. Тэгж тэгж өгүүлбэр ч биш ганц нэг үг хэлсэн болоод дуусдаг. Манай Монголын нэг сайхан үг байдаг ш дээ. Давхар ухаан гээд. Тэгэхлээр ерөөсөө зөвхөн Англи хэлээр ярихад зориулагдсан тусдаа нэг санах ой (Компьютерийн ухаанд л санах ой гэдэг байх л даа хэхэ) үүсгэчих хэрэгтэй. Яг л хоёр оюун ухаантай юм шиг. Ингээд ирэхээр бидний толгой яаж ажиллахыг нэг төсөөлөөд үз дээ. Тэрхүү санах ой маань зөвхөн тухайн хэлний тухай чиний олж мэдсэн, сонссон, харсан тэрхүү зүйлсээр л өргөжиж байх ёстой. Төрөлх хэлээ холилдуулаад байхгүй гэсэн үг.

Ер нь бол их энгийн. Ангидаа бидний хийдэг зүйл бол Англи хэлийг бичиж, цээжилж, унших аргаар танин мэдэх байдаг. Сурах гэж бүхий л зүйлийг хийдэг. Гэтэл бяцхан дүү нар маань яаж хэл сурдгийг сонирхоё л доо. Хэдийгээр би Энэтхэгт байгаа ч, Англиар ярьдаг газар байгаа. Тиймдээ ч гадуур явж байхад хажуугаар жоохон жоохон хүүхдүүд дуржигнатал англиар хоорондоо яриад өнгөрөхөд нь би их гайхдаг байсан л даа. Гайхахаасаа илүүтэйгээр өөрөөсөө их ичдэг байсан л даа. Ийм жоохон хүүхдүүд ингэж ярьж байхад Оргил хүү ийм ч байх гэж хэхэ. Гэтэл тэр жоохон жоохон дайсны цэргүүд юу хийдэг гэж бодож байна. Бидэн шиг Англи-Хинди толь урдаа тавьчхаад л нэг бүрчлэнгүй орчуулаад суудаг гэж бодож байна уу? Үгүй. Эхлээд тэд Англи хэлний өгүүлбэрийн ерөнхий бүтцийг бяцхан мэдлэгийнхээ хүрээнд таньж мэдсэнийхээ дараагаар шууд багштайгаа болоод ангийнхаа найзуудтайгаа ярьж эхэлдэг. Тэдний тархинд Англи хэл Хинди-рүү хөрвөгдсөн байдлаар биш ерөөсөө цаанаасаа тусдаа нэг хэл болон сууж өгч байна гэсэн үг.

Бас нэг зүйл бол бидний хэрэглэдэг ядаргаатай нэг арга байна. Англи үгийг толин дээр юу гэж байна тэрүүгээр нь цээжлэх гээд улайрчихна. Гэтэл дараа нь юу болдог вэ? Нөгөө хэдэн үгнүүдээ хооронд нь холбох гэхээр таг түг гээд тосгүй болсон араа шүд шиг хоорондоо хяхатнаад унадаг. Ийм зүйлийг алга болгохын тулд ерөөсөө Англи үгийг толиноос биш харилцан яриан дээрээс утгыг нь ойлгож, цээжлэх хэрэгтэй. Ямар ямар үгтэй хамт хэрэглэгдэж байна. Ямар утгыг илэрхийлж байна гээд. Ингэснээрээ тархинд чинь тусдаа нэгэн хийсвэр утга бүхий ойлголт сууж өгөх юм байна л даа. Үүнийг хэрэгжүүлээд сурчих юм бол тархи маань дахин шинэ үг хайж хэдэн эсээ үхүүлэх нь багасна гэсэн үг.
Гэтэл сургууль дээр юу болдог гэхээр. Ерөөсөө л бичээд байх хэрэгтэй. Тэгээд хүчээр сайхан цээжилчих юм бол Англи хэл гэдгээр чинь бол ус цас болчихно зүгээр айн. Хэхэ. ҮНЭХЭЭР БУРУУ.
Хэл бол бодол, хэллэг хоёроос бүтдэг. Үг сурч, зөв буруу гэж дугуйлснаараа чи хэзээ ч Англиар донгосдог болж чадахгүй. Хэрвээ чи нэг үгийг тусад нь орчуулж өгүүлбэр бүтээх гэж байгаа бол, чи эхлээд өөрийн төрөлх хэлээрээ бодож эхэлдэг. Харин бодох ёстой зүйл чинь бол төрөлх хэлэн дээр юу гэх нь биш, ямар хэлээр ярьж байна гэдгээ л бодох хэрэгтэй.

За ингээд бяцхан бичлэгээ энэ хүргээд дуусгая даа. Одоо манайханд бол асуудал гарахгүй байлгүй дээ. Хэрхэн сурах аргаа олчихсон юм чинь тэ. Хэхэ. Хэдүүлээ энэ Англи хэл гэгч эдийг хөөрхөн тэрүүхэн тэнд нь хошгируулж сурчхаад дэлхийн хэмжээнд сэтгэж, ярьж амьдаръя л даа. За амжилт.      

3 comments:

  1. Англи хэлийг чөтгөр аваасай!

    ReplyDelete
  2. Хэхэ. Цаадах чинь тоохгүй л дээ.

    ReplyDelete
  3. saihan zovlogoo bn

    ReplyDelete