Tuesday, May 29, 2012

Энэтхэгт сурлаа ш дээ!!!


Муу блогтоо юм оруулалгүй яасан ч их удаа вэ дээ. Бодвол зав цаг нь гараагүй юм байгаа биз дээ, хэхэ. За тэгэхлээр нэг сэдвийн талаар өөрийн бодлоо хуваалцмаар гэнэт санагдлаа. Хэрэгтэй зүйл байваас аваад , хэрэггүй зүйл байваас хаяна биз дээ манайхан.

Энэтхэг ээ гэж. Бид ингэхэд Энэтхэг гээ л байна. Ер нь Энэтхэг гэж ямар улс байдаг талаар мэддэг билүү гэвэл ҮГҮЙ. Аан мэдэх юм байна. Нээрээ хүн амаараа дэлхийд 2-рт ордог ш дээ. Бас Мэдээллийн Технологиороо аймар дээгүүрт байдаг. Бүүр Мэдээллийн Технологийн хот ч хүртэл байдаг (IT city Bangalore). Бас кино үйлдвэрлэлтээрээ дэлхийд 2-т ордог. Бас нөгөө..... заза болно болно. 

Тэр дээшээ юм яах вэ. Тийм байлаа гээд бидэнд ямар хамаа байна. Кинонд нь тоглох юм уу тэгээд, эсвэл тэр сүрхий компаниудынх нь нэгэнд орж ажиллах юмуу. Тийм болохоор жоохон газартай ойрхон юм яръя л даа. Жишээ нь боловсрол байвал яаж байна. Арай ч том сэдэв юм уу. За яахав яахав хэнд хамаатай юм ингэхэд, тэ. Ардчилсан нийгэмд чинь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно оо гээд заагаад өгчихсөн байхад. 

Тэгэхлээр нэг сайхан жишээ аваад хүүрнэн өгүүлчвэл зүгээр ч юм уу. Ерөөсөө тэгье!
За манай гол дүрийн баатар бол  18 настай Давка гээд хөвүүн. Уг гарвалыг нь бас зохиочихъё. Уугуул хотын иргэн, аав ээж нь боломжийн цалин цавуутай ажил эрхэлдэг. Бас бус аахар шаахар зүйл гадуур нь хийдэг, мөнгөлөгдүү байрын айлын хүүхэд. Дунд сургуулиа бараг гуйлган байж, аав ээж нь ил нэг, далд нэг хэдэн төгрөгөө багшид нь барьж гүйсний эцэст баахан онцууд гэрчилгээн дээрээ сийлүүлж авсан хүн. Ер нь бол манай Давка гаднаа COOL гар л даа. Гэртээ байхаараа толиноосоо холддоггүй. Гадаа болохоор ганц нэг шоудсан хүн. 

Амьдрал үргэлжилсээр нэг л мэдэхэд дараачийн алхамаа хийх цаг нь болчхож. Давкагийн маань аав ээж нь зайлуул хүүгээ мэдлэгтэй боловсролтой л хүн болгох гэсэн хүмүүс. Тэр суурийг нь ч өөрсдөө сайн тавьсан хүмүүс. Багад нь хэл амаа хаздаг болтол нь эрхлүүлж, хэлсэн болгоноор нь гүйж өсгөсөн улс. 

Хүүгийнхээ талаар хоорондоо нилээн ярьсны эцэст ерөөсөө л гадаад гаргаж сургая гэж шийдсэн бололтой. Учир нь Монголд маань өнөөдөр ямар байгаа билээ. Монголынхоо сургуульд сурлаа гээд нөгөө хүсэн мөрөөдөөд байгаа ажлын байр нь байж чадаж байна уу? Мэдээж юм хоёр талтай. Сайн сургуульд сураад төгсчихсөн бол жишээ нь МУИС, Эдийн Засгийн Дээд, ШУТИС л гэнэ. Иймэрхүү сургуульд сураад төгсчихсөн бол ажлын байрны асуудал арай өөрөөр яригдана л даа. Төгсөхөд бас хоёр талтай гэж байгаа. Бас л нөгөө мөнгө төгрөг гэсээр байгаад төгсчихвөл яах уу? Миний сайхан Монгол л юм хойно. Нөгөө л нэг худлаа диплом барьсан худлаа нөхдүүд энэ тэрүүгээр гүйлдээд унана. За үнэхээр чадлаараа төгсчхөөд чадна бүтээнэ гээд гараад ирсэн чинь урдуур чинь нэг танихгүй хэлээр гарчиглагдсан диплом барьсан нэг худлаа нөхөр ороод ирнэ.
Мэдээж нөгөө компани юу байдаг юм тэр ажилд авах гэж байгаа газар нь тэр худлаа нөхрийг авчихна. Яагаад гэвэл гадаадад боловсрол эзэмшсэн айхтар мундаг энэ тэр гээ л. 

За болъё ямар ганц энэ л газар ажиллах албатай биш дахиад өөр газар орж болно ш дээ тэ. Дахиа л нэг худлаа нөхөр урдуур чинь ороод ирлээ. Бас юу нь вэ? Дахиад гадаадад сурчихсан нөхөр юм байх даа. Энэ удаа харин үгүй ээ. Захирлынх нь хамаатан гэнэ ээ. Тэрнийх нь дүү гэнэ ээ. Ах эгчийнх нь хүүхэд гэнэ ээ. Хэхэ, дуусахгүй юмаа.
Гэх мэт адармаатай асуудлууд ар араасаа гардаг хойно. Давкагийн маань аав ээж нь хүүхдээ хилийн дээс алхуулж, юм үзүүлж нүд тайлуулж, хүний газраас нөгөө айхтар боловсролыг нь эзэмшүүлэхээр шийдэж л дээ. Давка маань ч азтай хүүхэд юм. Ийм сайхан аав ээжтэй. Хаашаа явах болсон бэ гэвэл ЭНЭТХЭГ. Яагаад гэвэл хүн амьтнаас сонсох нь ээ. Ер нь л боломжийн юм байх. Амьдралын өртөг хямд тэгээд нөгөө айхтар Мэдээллийн Технологиороо яадаг яадаг ч гэнэ дээ. Ерөөсөө л мундаг. Тэнд төгсөөд ирчих юм бол Монголд ирээд алаад өгнө энэ тэр гээ л. Үзээгүй хараагүй юмандаа хүн итгэхдээ ч амархныг хэлэх үү. Хөөрхий аав ээж нь ерөөсөө л муу хүүгээ Энэтхэг явуулж сургахаар шийдэж. Ер нь тэгээд ч тэр АНУ энэ тэрлүү нь явуулж баахан доллар үрж байснаас арай хямд зардлаар муу хүүгээ мундаг боловсролтой болгочих юм байна ш дээ л гэсэн хүмүүс.
Давка маань яахав, гадаад явлаа гээд бөөн юм. Заримдаа энэ нь шоуны нэг сэдэв ч болчих жишээтэй л байна. Тэгсээр ингэсээр цаг ч боллоо. Давка маань ч Энэтхэг рүүгээ нислээ.
Хоёр гурван онгоц сольсоор Энэтхэгтээ ирлээ дээ. ЮУ ВЭ? Хэхэ. Хаана ирчих нь энэ вэ? За дүүрсэн хэрэг нэгэнт л ирчихсэн юм чинь гэж бодсоор онгоцны буудлын гарах хаалгыг чиглэн алхана. Замдаа эргэн тойрноо хальт мульт харсан шиг. Гараад ирэх нь ээ. Нэг л их үс ноос болсон баахан хүмүүс ирчийтэл зогсчихсон. 
Зарим нэг нь гартаа самбар барьчихсан дээр нь хэн ч гэнэ дээ. Хүний л нэр байх шиг байгаа юм. Тосож байгаа бололтой. Тэдний дунд манай Давкаг тосох хүн бас зогсоостой. Гартаа “Davka Mongolia” гэсэн сарийж мурийсан бичигтэй бичгийн цаас өргөсөн хүн. Давка маань ч өөрийг нь тосож байгаа хүн байх нь гэсэн бодлыг тээсээр тэр хүний зүг зоримог гэгч нь алхална. Энэ бүх асуудал мэдээж Монголд зуучлах ажил явуулдаг бяцхан газарт хэдэн төгрөг нааш цааш болсоны үр дүнд л шийдэгдсэн зүйл.
За ямартаа ч Давка маань тоссон хүнтэйгээ уулзаад авлаа. Тэр хүн нь мэдээж Давкагийн орох гэж байгаа сургуулийнх нь жолооч ч юмуу, нэг ажилтан нь байх нь мэдээж . Давкаг ч сургуульд нь хүргээд өглөө. Өөдөөс нь баахан л юм ярьсан нүүгсэн хар царайтай хүн угтаж авав. Ядаж байхад Давка маань аав ээжтэйгээ ярьдаг нөгөө хаздаг хэлээсээ өөр хэл мэдэхгүй учраас дэмий л духаа харуулан зогсоно. Тэгсээр ингэсээр манай хүнийг нөгөө хүмүүс нь амьдрах байр саванд нь ч оруулаад өглөө. Бас бус бичиг баримтын асуудлыг нь ч шийдвэрлээд өглөө. Мэдээж энэ бүх ажлын ширхэг бүр нь рупийгээр хэмжигдэнэ шүү дээ. Ялангуяа Энэтхэгт.
 
За одоо бүх зүйл манай Давкагаас л шалтгаална. Сурах уу, эс сурах уу. Харин манай Давка нэг л тоосон шинжгүй ээ. Хичээлийн эхний өдөр унтаад хоцорчихдог юм байж. Хоёр дахь, гурав дахь....азаар нэг өдөр харин хичээлийн цагтаа амжиж сэрсэн биш хамаг бие нь тэр чигээрээ хөшилдсөн амьтан хичээлдээ сууж үзлээ.
Ерөөсөө явахгүй нь ээ. Манай хүнд ойлгож байгаа зүйл түй ч алга. Ядаж байхад Энэтхэг ахан дүүс маань Англи хэлээр ярина гэж зүрхийг нь сугалдаг улс болохоор тэр дуудлага энэ тэрээс авахуулаад бүгд нэг биш болоод ирнэ. Давка маань нойроо хумслан байж ирсэн биш бүүр аргаа бараад эхний цонх завсарлав уу үгүй юу энэ газарт яаж хэдэн жилийг барна даа гэсэн бодлыг дотроо тээсээр гэрийн зүг алхална.
Мэдээж үрдээ санаа нь зовсон эцэг эх утсаар нэг ярина, нетээр нэг чатлана. Манай хүн бол хаяадаа нэг гэгээн дүрээ харуулж, алба юм шиг нөгөө хичээл номыг нь хийж өгч байгаа тухайгаа хөмсөг, хөлний хуруу юу байдаг юм тэр бүхнээ зангидан байж хэлнэ. Харин дараа нь тийм ч юм, ийм ч юм авах хэрэгтэй байна. Мөнгө гэж хэлэх ээ бол ёстой мартахгүй шүү. Гадаад оронд ганц үр нь тэгж их хичээж байхад аав ээж хоёр бол аль болох л хэлсэн мөнгөнийх нь тоог тулгаж биш ганц хоёр мянгаар илүү л өгөхийг бодно. 
Давка маань харин өдөр ирэх тусам амралтынхаа газартай улам бүр танилцах болно. Хэхэ нээрээ сурахаар ирсэн ш дээ манай Давка чинь. Гэхдээ одоо яахав дээ, байгаа байдал нь л ингэж харагдаж байгаа юм чинь. Долоо хоногын сүүлээр заримдаа шоудна. Аа үгүй бол гэртээ зан ааш нийлэх сайхан найзуудтайгаа тоглоом наадам хийгээд өнжчихнө. Эсвэл бүүр өдөржингөө унтаж нэг үзнэ. Сэрсэн даруйдаа өлссөн гэдсээ болгох гэж хоол нэртэй хорыг нь авч иднэ. Өөрөө хоолоо хийгээд идэж чадахгүй болохоор одоо яалтай ч билээ. Нөгөө Татарын дуу байдаг ш дээ “Хунгийн дэгдээхэйд буруу байхгүй” гээд хэхэ.
Иймэрхүү байдалтайгаар Энэтхэг дэх амьдрал үргэлжилсээр эцэст нь сургуулиасаа ч гарна. Аз болоход Энэтхэгт маань мөнгө л байхад юу л бол юуг хийж болдог газар болохоор. Нутаг буцахын алдад Давка маань хөөрхөн хуурамч диплом худалдаад авах аа мэдээстэй.
Харин Монголд бол манай хүн нөгөө худлаа нөхдүүдийн тоог нэгээр нэмэн чухал царайлан очно. 

Энэ хүргээд Давкагийнхаа жишээг өндөрлөе. Ийм юм яагаад бич вэ гэхээр. Энд ийм жишээ байгаа болохоор тэр. Мэддэгээс гэхэд л гурав, дөрөвийг хэлж чадах байна. Харин мэдэхгүй хэд ч байгаа юм билээ. 

Манай эцэг эхчүүд маань энхрий бяцхан үрсээ эхлээд хүн болгож хүмүүжүүлсэнийхээ дараа боловсрол энэ тэрд нь анхаарал тавьж айхтар гадаад орон луу нь явуулж баймаар. Монголдоо байхдаа аав ээжийгээ түшин түшин хөлд ч орж чадаагүй амьтныг шууд хаа хамаагүй ийш тийш нь явуулчхаар ямар олиг байхав дээ.
Мэдээж сайн сайхан жишээ байж л байгаа л даа. Биеэ даагаад сурчихсан, зорилгоо ухамсарлачихсан зөндөө л мундаг хүүхдүүд байна. Тэдний талаар бол ярилтгүй.
Болохгүй бүтэхгүй зүйлээ ярьж байж л болж бүтдэг болгоно шүү дээ. Тийм болохоор иймэрхүү эмгэнэлтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг зүйлийг л аль болох багасгамаар юм шиг. 

Тэгэхлээр ийш тийшээ явах гээд зүрхэнд нь хий орчихсон дүү нартаа хэлэхэд. Эхлээд сайн бод. Бодох чинь амархан ш дээ. Бас хэлж өгөхгүй бол мэддэггүй юм болов уу (хэхэ). Тэгэхлээр сайхан сууж байгаад өөрөөсөө дараах асуултыг нэг асуугаад үзээрэй.

Би ер нь хаана сурсан нь дээр юм бэ?
Гадаадад гарлаа гээд сурч үнэхээр чадах уу?
Хичнээн хэмжээний мөнгийг зарлагадаж байгаа билээ?
Тэр мөнгийг аав ээж маань яаж олж байна?

Гэх мэт асуултыг өөрөөсөө асуугаад ирэхээр аяндаа дараа дараачийн асуултууд гараад ирэх байх. 

Дээрх бичсэн зүйлийг минь уншаад намайг ямар хөөрцөн нөхөр вэ гэж бодож байгаа бол ахын дүү Монгол доо мөнгөө үрээд явж байсан нь дээр шүү.

4 comments:

  1. heregtei sedev hondoj ee

    ReplyDelete
  2. sain bn uu uuruu bangalore-t bdag oyutan uu bid 4ule mgl-s bangalore-t neg ajilaar irsen yum end mongolchuud bdag gej google-s harlaa bid end 2 sar boloh yum ene hugatsaand uulzaj bval saihan l bn mgl_kobe@yahoo.com gsn haygiig add hiigeerei hu utas odoohondoo bhgui bn tnx

    ReplyDelete
  3. Er ni bol iim nuhduud zondoo bga, deeh ni ued bol chadaltai sain huuhduuded gadagshaa yvah bolomj gardag bsan bol odoo mongotei l bol hun bur gadaadad surah bolomjtoi. Teden dund sain ni ch, deerh jishee shig muu ni ch bga. Tegeheer gadaadad suraad irsen bolgon mundag sain bishee gesen ug.

    ReplyDelete