Wednesday, June 22, 2011

№3 Аялал эхэллээ гэж



За 5 сарын 25. Өнөөдөр манай аялал жинхэнэ утгаараа эхлэх өдөр. Нөгөө хэд маань үүрийн 7 цаг болов уу үгүй юу явцгаая гэчихсэн бондоож бондоож босоцгоочихож. Цүнх саваа бэлдэж буудлынхаа түлхүүрийг хүлээлгэж өгсний дараа “рэхша” –гаа (3 дугуйт-дугуй) хөлслөөд цугларах газрын зүг нэг нэгээрээ явцгаалаа. Хэсэг явсны эцэст цугларах газар буюу бас нэг буудлын гадаа ирлээ. 

Буудлын шилэн хаалгын цаана хэсэг бүлэг хүмүүс цугларсан байгаа нь бүдэг бадаг харагдана. 20 хавьцаа л хүүхдүүд цугларсан байх юм. Нэг захаас нь нөгөө зах хүртэл нэг нэгээр нь танилцаж явж байсан чинь Итали, Оросоос гээд хүмүүс байх юм. Үнэндээ Оросын оюутан маань Узбекистаны оюутан байсан л даа. Ярина энэ тэр гэж зүгээр элгийг нь авна. Мань хоёр нилээн буу халсаан. Хэлний чиглэлээр сурч байгаа оюутан байсан болохоор таван хэлээр бол тодорхой хэмжээнд ойлгох зүйлээ ойлгоод, ойлгуулах зүйлээ ойлгуулчихдаг л юм байх. Намайг хэдэн хэлээр ярьж чадах уу гэхээр яаж дутах уу гээд “бас тав зургаа хавьцаа” маягын юм хэлчихсэн чинь нилээн гайхсан байдалтай “нэрлээч” гэж байна. Тэгэхээр нь Өвөрмонголоос авахуулаа л Халх, Урианхай, Дархад гээ л нэрлэж өглөө тэгсэн чинь бараг 10 гарчихдаг юм байна хаха. Манай хүн нилээн гайхчихсан аргагүй л дээ чааваас мэдэх нь байтугай сонсож ч байгаагүй баахан юм тооччихоор. За нэг иймэрхүү хөгжилдсөн шиг буу халсаар Чингис өвөө хүртэл явчихдаг юм байж. Тэгтэл буудлын түлхүүрүүд ч бэлэн болж буудалдаа орцгоохоор болсноор бяцхан яриа маань дууссан юм. Нэг өдрийг өнгөрөөсний дараагаар Шиллонг хэмээх газрын зүг хөдөлцгөөсөн юм. (Дэлхий дээрх заавал үзэх ёстой газруудын нэг )
Багадаа сега тоглоом, унадаг дугуй гэх зүйлсээр их оролдож өссөн болохоор уран зохиолын ном энэ тэрээс үнэн хол хүн юм чааваас би. Яагаад ийм юм яриад унаад унаваа гэвэл Шиллонг хэмээх газрын талаар ярихын тулд гарцаагүй уран зохиолын тэр л тансаг үг хэллэгийг хэрэглэхгүй бол болохгүй юм шиг. Ёооё зүгээр тасархай газар. Шиллонг хот бол уулан дундах хот л юм уу даа. Гуахаттигаас зогсолттгүй 2 цаг өгсөж байж очсон юм. Тэнд амьдарч байгаа хүмүүс миний мэддэг Энэтхэгээс шааааааааааааааааааал өөр. Эргэн тойрны орчин бол хачин цэвэрхэн. Үгүй яахав зарим байшин сав энэ тэр нь жоохон ноолорхой байсан ч илүү дутуу хог хөглөрөхгүй байгаа нь таалагдаж байлаа. Бид нарын эхний очих газар бол Шиллонг дахь ICCR-ийн албан газартай танилцах байсан юм. Газартаа ч ирлээ. Уг газар доорх хүн амьдарч, уран бүтээлээ туурьвиж байсан байх юм. Нэрийг нь дурьдаад ч хэрэггүй биз, тэртээ тэргүй дэлхий даяар дуурсагддаг хүмүүсийн нэг.

Шиллонгийн ICCR-ийн тэргүүн гээд яриа хөөрөө сайтай дажгүй ах байсан шүү. Оюутан бүртэй нэг бүрчлэн танилцсаны дараагаар Шиллонг болоод Энэтхэгийн баруун хойд хэсгийн талаар оюутнуудын асуултын дагуу хариулахаас гадна  ерөнхийд нь товч бөгөөд тодорхой ярьж өгсөн юм. Шиллонг бол Энэтхэгийн Сингапур гэж нэрлэгддэг байх юм. Мөн ногоон цайгаараа бол №1 юм байх. Биднийг дайлсан л даа тэр цайгаараа. Хай золиг сүртэй л юм мэдрэгдэхгүй юм байна лээ. Яг л бор цай ууж байгаа юм шиг хэхэ.  За үүний дараа л аялал маань жинхэнэ утгаараа эхэлсэн болов уу.           

No comments:

Post a Comment