Friday, July 20, 2012

Цай


Монголын маань нэг сайхан ёс байдаг даа. Орсон гарсан гэлтгүй цай цуу амсуулдаг. Хэдийгээр гадаадад байгаа ч, найз нөхөд гээ л бас ч гэж нэлээдгүй олон хүмүүс тус тусын бяцхан зорилгын дагуу манайхаар орж гарах юм аа. Өө тэгэнгүүт нь л нөгөө сайхан Монгол ёсоороо цай аягалаад өгнө. Ядаж байхад манайх нөгөө сэнжтэй том том аягатай хэхэ. Яаж дундхан юм хийж өгөхөв дээ. Мэдээж мэлтийтэл нь дүүргээ л өгнө. Муугийн ёс биш Монголын л ёс юм хойно.

Тэгээ л нөхдүүд хэрэг явдлаа гүйцэлдүүлсэн болоо л гараа л явцгаана. Ард нь нөгөө дүүрэн цайтай аяга яг л анх яаж өгсөн тэр хэвээрээ мэлтийгээ л хоцорно. Тэгээд бодлоо л доо. Ийм том аягаар, тэгээд халуун болохоор, нөгөө хүйтэн сэрүүн талдаа юм уудаг нөхдүүд чинь хэл амаа түлчих гээд ууж чаддаггүй юм байлгүй дээ гэж.
 Харин тэгсэн чинь бас нэг нөхөр манайд ирэв ээ. Манайхаар нилээдгүй орж гардаг гар болохоор хажууд нь байсан тавиуран дээрх ус буцалгагчин дэх хөрсөн цайнаас өөрөө санаачлагаараа аягалаад ууж байгаа харагдлаа.
Хөөрхий их цангаж дээ гэж бодсон шиг сууж байтал. Нэг балгасан уу үгүй юу, байдгаараа ярвайгаа л явчихдаг юм байна. Миний бүүр инээд хүрээд яасан ийсэн гээд асуутал.
Өөдөөс энэ юу вэ гэж байна хэхэ.
Цай гэсэн чинь.
Үгүй ээ энэ арай л өөр юм байна. Ийм сонин амттай гээ л үгээ дуусгалгүй дахиа л нэг балгах гэж оролдоод үнэхээр тэвчээрийнх нь утас нь тасарсан байдалтай амандаа орсон балга цайгаа буцаагаад гаргаж чадахгүй бантсандаа нүдээ аниа л залгичлаа хөөрхий.
Тэгсэн ээ “энэ цай биш байна аа” гэж байна. Тэгэхээр нь юу ярьж байгаа юм наадахыг чинь харин жинхэнэ цай гэдэг юм гэсэн чинь. Үгүй ээ, бид нар ч гэсэн цай уудаг (Афганистаны нөхөр л дөө) гэхдээ энэ бол цай биш. Өөр л зүйл байна гэдэг юм байж.
Арга ч үгүй биз дээ. Навчны цайнаас өөр цай ямар амьдралдаа ууж үзсэн биш зайлуул. Тэгж хэлэх нь аргагүй байх л даа. Харин манайхан чинь навчаар ч, аньсаар ч, чаг мөөгөөр ч гээд олон төрөл зүйл бүхий ургамалаар цай чанаж уухыг мэддэг ард түмэн юм хойно Афгани ахан дүүсийг яаж ч дагуулах билээ дээ.

Ер нь халуун сайхан цайны ач тус үнэхээр их юм аа, ялангуяа Монголчууд бидний нэг хэсэг бол цайтай салшгүй холбоотой. Энэтхэгт ирээд одоо 2 дахь жилээ үдэх гэж байна. Энэ хооронд Монголруугаа ганц ч явсангүй. Манай хэд бол улирлынхаа амралтаар нутагруугаа бол явчхаад байгаа юм. Би болохоор нэг мөсөн л сургуулиа төгсчхөөд очно гэсэн бодолтой байгаад байгаа ухаантай. Ядаж  3 жилийн дараа Монгол оо ямар  болсоныг харвал тэр хөгжил дэвшил гэдгийг нь харж болох байлгүй дээ. Ойр ойрхон очоод байхаар өөрчлөгдөж байгааг нь ч мэдэж амжихгүй байх. За энэ ч яах вэ. Цай ш дээ нээрээ. 

Энэтхэгийн ахан дүүсийг хараад байхаар нэг л их том гэдэстэй тэгсэн хирнээ нарийхан гар, хөлтэй хүмүүс байх юм. Ихэнх нь тийм шүү. Тэгээд бодоод үзсэн чинь. Ер нь ууж байгаа зүйлээс нь их хамаардаг юм шиг. Учир нь манай Энэтхэг ахан дүүс маань хоол гэж хөөрхий ширмэн дээр хагас дутуу хайрсан гурил, цагаан будаахан, аа тэгээд бас бус аахар саахар зүйлсийг тахианы махнаас ганц хоёрыг хийсэн нуль тостой өтгөн шөлний хамт иддэг улс. Тэгээд араас нь хүйтэн ус л ууна.
Хөөрхий идэж байгаа хоол нь шим тэжээл гээд байх зүйлгүй байдаг. Тэгсэн хирнээ араас нь ус уугаад байхаар тэр гэдэс нь тийм болох нь арга ч үгүй юм шиг.
Царцсан тос эцэст нь ходоодны хананд наалдаж үлдээд бас нэг давхаргыг л нэмэх байлгүй дээ. Энэ үйл явц байнга давтагдаад байхаар гэдсээрээ таргалах нь ойлгомжтой л доо. 

Америк байна. Дэлхийд таргалалтын тоо хэмжээгээрээ эхний байрыг нэр төртэйгээр эзэлдэг улс. Учир нь нөгөө түргэн хоол. Нөгөө л нэг хавчуургатай талх тэгээд хүйтэн коло.
Миний бодлоор тэр нөхдүүд араас нь сайхан халуун цай уугаад байвал ядаж л таргалах үйл явц нь удаашрах юм шиг санагдах юм.

Энэ тухайгаа гэдэснийх нь таргалах үйл явц нь нилээн дэвшилттэйгээр явж байгаа залуухан энэтхэг анддаа цухуйлгасан чинь. Өөдөөс бид нар чинь Энэтхэг, та нар бол Монгол гэж байна. Тэгээд юу гэж, Энэтхэг байхаараа цай ууж болохгүй, Монгол байхаараа цай ууж болдог гэж хэн хэлж байна гэсэн чинь. Танай оронд хасах 40 хүрдэг гэсэн. Харин манай оронд хасах 5 хүрэх юм бол бүгд босоогоороо хөлдөж үхэцгээнэ. Байнга ийм халуун байдаг газар чи биднийг халуун цай уу гэх гээ юу гэж байна. Тэгэхээр нь манайд ч гэсэн зундаа нэмэх 40 хүрдэг газар. Тэгсэн ч гэсэн бид халуун цайгаа ууж л байдаг юм гэсэн чинь. Та нар бол уугаад сурчихсан юм чинь аргагүй ш дээ. Бид нар ганц аяга халуун цай уух гэж ядаж байхад та нар бол тав зургааг ууж амжина. Тэгж зовж байснаас усаа уучихсан нь хамаагүй амар биз дээ, гэдэг юм байна. Тэгэхээр нь, мэдээж орон бүр өөр өөрийн онцлогтой. Зүгээр чиний наад гэдэсний чинь асуудлыг шийдвэрлэх хамгийн амархан мөртлөө хамгийн үр дүнтэй аргыг л хэлж өгсөн юм. Чи ингэхэд тарган Монголыг энд харсан уу? Гэсээр ярианы сэдэв инээдэм болсоор цааш үргэлжилсэн юм.  

Ер нь бол Энэтхэг орон бол цайны үүх түүхээ нэлээн урт удаан жилийн өмнөөс бичиж ирсэн ард түмэн. Гэхдээ мэдээж Англи ахан дүүсийн дарлалд байх үед л энэ түүхийн хуудас нь нээгдсэн удаатай. Түүнээс хойш цайны үйлдвэрлэл нь тогтмол хөгжиж ирсээр одоо дэлхийд Хятадын араас явж байгаа гэж байгаа. 

 Даржээлин хэмээх Энэтхэгтээ цайгаараа алдартай газрын ажилчин бүсгүйчүүд цайныхаа талбай дээр байгаа нь.
 Түүсэн цайны ургамал аа энд төрөл төрлөөр нь ялгаж байгаа байдал нь.

За цай маань амталгааны шатанд ирчхээд байгаа нь энэ. Даржээлин бол Хар цайгаараа Энэтхэгтээ биш бүүр дэлхийд алдартай гэнэ дээ.

"Мэдээж Энэтхэгрүү очиж цай уухын тулд  Гималайн нуруугаар нисэн байж очих нь эрсдэлтэй мэт байв ч, Даржээлингийн цай бол зүгээр ч нэг сайн биш дэлхийн шилдэг цай юм аа" гэж нэг газар бичсэн байх юм.


За цайны талаарх мэдээллийн холбогдолтой зүйл минь гавьтай биш болохоор энэ хүргээд дуусгая даа.

2 comments:

  1. sain bnu ene uvul 12 sard 7 honogiin hugatsaatai enetheg ruu aylahaar yavj bgaa hund guide hiij chadah uu? Guide hiij chadna gevel huls mungiig ni tohirch boloh ym erguun2005 gesen gmail ruu mail bicheerei hariu husey

    ReplyDelete
  2. aan neg zuiliig helehee martlaa yag chinii bgaa Banglor Karnatka gedeg gazariig zorij bgaa hun l de

    ReplyDelete